Агуулга руу шилжих
Judilogy

Bench&Bar | Шүүгч, өмгөөлөгчийн харилцаа

— @judilogy ·
B&B

Шударга ёсыг тогтооход шүүгч болон өмгөөлөгчид хамтран ажиллах нь

Шүүгч, өмгөөлөгчдийн мэргэжлийн харилцан ойлголцол, хамтын ажиллагаа нь шүүхийн хэвийн үйл ажиллагааг хангах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой.

Шүүгч, өмгөөлөгчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, хамтарсан сургалт, семинар зохион байгуулах, мэргэжлийн холбоо, хороодоор дамжуулан нийтлэг асуудлыг хэлэлцэх, судалгаа хийх зэрэг зэргээр хамтран ажиллах нь бий.

Уг хамтын ажиллагааны нэг хэлбэр нь Bench&Bar уулзалт юм. Bench нь шүүгчийн суудлыг илэрхийлэх бөгөөд шүүгч, шүүхийг, харин Bar нь шүүх танхимын хашлагыг нэрлэх бөгөөд өмгөөлөгч, хуульчдыг илэрхийлнэ.

Bench&Bar уулзалт нь мэргэжлийн болон ёс зүйн тодорхой хэм хэмжээг баримтлан шүүхийн үйл ажиллагааны зохион байгуулалтыг сайжруулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үр ашигтай байдлыг дэмжих, мэргэжлийн ёс зүйг сайжруулах, хууль зүйн салбарын хөгжил, шинэчлэлийг дэмжих зэрэг нийтлэг асуудлаар шүүгч, өмгөөлөгчид хэлэлцүүлэг өрнүүлэх, харилцан ойлголцох, шийдлийг тодорхойлох талбар болдог.

Шүүгч болон өмгөөлөгчийн хамтын ажиллагааны ёс зүйн дүрэм

Bench&Bar уулзалтыг үр дүнтэй байлгах зорилгоор оролцогчид тодорхой дүрмүүдийг дагаж мөрдөх шаардлагатай. Үүнд:

  • Харилцан хүндлэл: Шүүгч болон өмгөөлөгч харилцан бие биедээ хүндлэлтэй хандаж, мэргэжлийн ёс зүйг чанд сахих ёстой. Bench&Bar уулзалтын мэргэжлийн бөгөөд үр дүнтэй харилцааг хадгалах үндэс нь харилцан хүндлэл юм.
  • Мэргэжлийн хамтын ажиллагаа: Bench&Bar уулзалт нь шүүгч болон өмгөөлөгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас гаднах, мэргэжлийн хамтын ажиллагаанд тулгуурласан уулзалт тул шүүгч, өмгөөлөгч хуулиар зөвшөөрсөн хэм хэмжээ, хориглолтуудыг баримтлан харилцаж, хамтран ажиллах ёстой. 
  • Төвийг сахисан байдал: Шүүгч болон өмгөөлөгч хоорондоо харилцахдаа шүүхийн хараат бус, шүүгчийн бие даасан байдлыг алдагдуулахгүй байх, тус тусын мэргэжлийн үйл ажиллагаанд шууд болон шууд бусаар нөлөөлөхгүй байх ёстой.
  • Хариуцлагатай хамтын ажиллагаа: Bench&Bar уулзалтын үеэр гарсан санал, зөвлөмж, дүгнэлт нь заавал биелүүлэх шинжтэй биш. Иймд хамтын ажиллагааны явцад үүссэн зөвлөмж, санал, дүгнэлтэд бодитой хандаж, хэрэгжүүлэх боломжтой арга хэмжээг харилцан авч хэрэгжүүлэхийг зорино.
  • Ил тод байдал: Bench&Bar уулзалт нь шүүхийн үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн мэргэжлийн этгээдүүдийн талбар тул уулзалтад оролцоогүй мэргэжлийн этгээдүүдэд мэдээлэл хүргэх, олон нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, ил тод байдлыг хангах үүднээс уулзалтын зар, уулзалтын талаарх мэдээлэл, уулзалтаас гарсан аливаа санал, зөвлөмж, дүгнэлтийг олон нийтэд ил тод байлгана.

Шүүгч болон өмгөөлөгчийн хамтын ажиллагааны хүрээ, хязгаар

Шүүгч болон өмгөөлөгчийн харилцах, хамтран ажиллах хүрээ нь тус тусын мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээ болон хориглолтуудаар хязгаарлагдахыг анхаарах нь зүйтэй. Тухайлбал Bench&Bar уулзалтын явцад оролцогч этгээдүүдийн мэргэжлийн ёс зүйн хүрээнд тавигддаг хориглолтуудын зэрэгцээ дараах зүйлсийг хориглоно. Үүнд:

  • Шүүхээр хянан шийдвэрлэгдсэн, хянан шийдвэрлэгдэж байгаа, ирээдүйд хянан шийдвэрлэгдэж болзошгүй тодорхой хэрэг маргааны талаар байр сууриа илэрхийлэхийг хүсэх, ийм хэрэг маргаан, үйл баримт, нөхцөл байдал зэргийн талаар асуух;
  • Шүүхээр хянан шийдвэрлэгдсэн, хянан шийдвэрлэгдэж байгаа, ирээдүйд хянан шийдвэрлэгдэж болзошгүй тодорхой хэрэг маргааны талаар зөвлөгөө хүсэх;
  • Тодорхой нэг шүүгч, өмгөөлөгч, аливаа этгээдийн гүйцэтгэл, хэрэг маргаан шийдвэрлэсэн байдал, хэрэг маргаанд оролцсон байдал, зан байдлын талаар шүүмжлэх эсхүл магтан сайшаах;
  • Төр, байгууллага, хүний хувийн нууцад хамаарах, зөвлөлдөх тасалгааны нууц алдагдуулах болон үйлчлүүлэгчийн нууц мэдээллийг задруулах, задруулахыг хүсэх;
  • Улс төрийн болон шашны шинжтэй аливаа мэдэгдэл, үзэл бодол, шүүмж, сайшаал илэрхийлэх;
  • Bench&Bar уулзалтын явцад хориглолтуудыг зөрчилгүйгээр илэрхийлсэн байр суурь, үзэл бодол, санал, шүүмж зэргийг хожим тухайн этгээдийн болон аливаа мэргэжлийн бүлгийн эсрэг урвуулан, гуйвуулан ашиглах, түүгээр дамжуулан сүрдүүлэх, түүнийг ашиглан нийтэд мэдээлэл түгээх, мэдэгдэл хийх;
  • Ялгаварлан гадуурхах, дарамт үзүүлэх, зүй бус нөлөөлөх, нөлөөлөх оролдлого хийх.