Агуулга руу шилжих
Judilogy

Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 03 дугаар тогтоолын тусгай саналыг тоймлов.

— @judilogy ·
Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 03 дугаар тогтоолын тусгай санал

УДШ-ийн Ерөнхий шүүгчийг “зөвхөн нэг удаа” томилох Шүүхийн тухай хуулийн зохицуулалт нь ҮХЦ-ийн 2016 оны 12 дугаар дүгнэлтийн дагуу хүчингүй болгосон заалтыг агуулгаар дахин сэргээсэн гэж үзэн ҮХЦ хүчингүй болгосон.

Тус шийдвэрт ҮХЦ-ийн гишүүн О.Мөнхсайхан тусгай санал гаргаж, Д.Гангабаатар дэмжсэн бөгөөд тусгай саналын гол үндэслэлүүдийг тоймлолоо.

ҮХЦ-ийн шийдвэрээр хүчингүй болгосон заалтыг агуулгаар дахин сэргээсэн эсэх маргааныг хоёр шаттайгаар шалгаж шийдвэрлэнэ.

  1. Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр хүчингүй болгосон заалтыг агуулгаар дахин сэргээсэн үү?
  2. Тухайн заалт Үндсэн хууль зөрчсөн үү?

Энэ маргааны хувьд ҮХЦ-ийн 2016 оны 12 дугаар дүгнэлтийн дагуу хүчингүй болгосон Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зохицуулалтыг агуулгаар дахин сэргээсэн байна.

Хэрэв ҮХЦ-ийн шийдвэрээр хүчингүй болгосон заалтыг агуулгаар дахин сэргээсэн байвал тухайн заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг мөн хянах нь Үндсэн хуульд нийцнэ.

“Хууль … Үндсэн хуульд нийцээгүй гэж Үндсэн хуулийн цэц шийдвэр гаргавал зохих хууль … хүчингүй болно.”

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 4 дэх хэсэг

Үндсэн хуулиар УДШ-ийн Ерөнхий шүүгчийг улираан буюу (дахин) томилохыг зөвшөөрсөн эсэхийг хууль тайлбарлах 4 аргаар тайлбарлавал:

  1. Үгчилсэн тайлбар

Хууль тогтоомжийн бичвэрийг үгийн шууд утгаар нь тодотгож тайлбарлах арга

Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор гишүүдийнх нь дотроос зургаан жилийн хугацаагаар Ерөнхийлөгч томилно” гэж заасан.

Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг улираан томилох эсэхийг Үндсэн хуульд үгчлэн тусгаагүй байна.

Үгчлэн тайлбарлахад маргаан үүсвэл түүхчилсэн, зорилгын болон системчилсэн тайлбар хийнэ.

  1. Түүхчилсэн тайлбар

Хуулийн төслийг хэлэлцэх үед түүний заалтыг хэрхэн ойлгож байсан нь батлагдсаны дараах тухайн заалтын утгыг шууд илэрхийлэхгүй боловч тайлбарлахад харгалзан үзэх эх сурвалжийн нэг

Үндсэн хуулийн төслийг хэлэлцсэн тэмдэглэлээс үзэхэд Улсын Бага Хурлын Хууль зүйн байнгын хороо УДШ-ийн Ерөнхий шүүгчийг хугацаагүй томилох бус, харин дотроосоо ээлж дараалан аль нэгийгээ ерөнхий шүүгчээр томилох зарчимд шилжвэл зүйтэй талаар санал, дүгнэлт гаргаж, хэлэлцэж байжээ.

Иймд Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийг УДШ-ийн Ерөнхий шүүгчийг зөвхөн нэг удаа сонгохоор ойлгож баталсан гэж үзэхээр байна.

  1. Зорилгын тайлбар

Үндсэн хуулийн заалтыг тайлбарлахдаа бичвэрийн үгийн шууд утгыг ашиглахаас гадна тухайн заалтын зорилгод нийцсэн байдлаар утгажуулах шаардлагатай

Аль тайлбар нь Үндсэн хуулиар хамгаалсан зарчим буюу шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг баталгаажуулах зорилгыг илүү хангахыг шалгуур болгоно.

Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг нь УДШ-ийн Ерөнхий шүүгчийг:

  • улираан томилохыг зөвшөөрсөн гэж тайлбарлавал томилох эрх бүхий этгээдийн нөлөөнд автах, эрх мэдлээ урвуулан ашиглах эрсдэлийг нэмэгдүүлнэ. Энэ нь шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах зорилгод нийцэхгүй.
  • улираан томилохыг хориглосон гэж тайлбарлавал шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг илүү баталгаажуулна. Энэ нь олон улсын сайн туршлагад мөн нийцнэ.
  1. Системчилсэн тайлбар

Хууль тогтоомжийн заалтыг бусад заалттай харилцан хамааралтайгаар, бүтцийн нэгдмэл байдлыг хангаж, цэгцтэй, цогцоор нь тайлбарлана

Хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдэл нь ардчилсан сонгуулиас легитим шинжээ олж авдаг тул дахин сонгогдох, томилогдох боломж нээлттэй байдаг.

Харин шүүх эрх мэдэл сонгуулиар бус, хууль дээдлэх ёсыг хэрэгжүүлж буйгаараа легитим шинжээ олж авдаг. Иймээс шүүгч хэрэг шийдвэрлэхдээ нийтийн санаа бодол, аливаа нөлөөнд автаж болохгүй, гагцхүү хуульд захирагдана. Энэ үүргээ биелүүлэхийн тулд шүүх бие даасан, шүүгч хараат бус байна. Үндсэн хуульд заасны дагуу чиг үүргээ хараат бусаар хэрэгжүүлэх үүрэг бүхий албан тушаалтныг улируулан томилохгүй байх зарчим үйлчлэхээр байна.

Дэлгэрэнгүйг Judilogy podcast-с сонсоорой.