Агуулга руу шилжих
Judilogy

Bench&Bar Vol.1 | Шүүх хуралдааны танхим дахь мэтгэлцэх зарчмын хэрэгжилт

— @judilogy ·
B&B Vol.1

Bench&Bar Vol.1 шүүгч, өмгөөлөгчдийн уулзалт, хэлэлцүүлэг Шүүх хуралдааны танхим дахь мэтгэлцэх зарчмын хэрэгжилт сэдвээр 2026 оны 10 сарын 30-ны өдөр зохион байгуулагдлаа.

Тус хэлэлцүүлэгт анхан, давах, хяналтын шатны шүүгчид, эрүү, иргэн, захиргааны эрх зүйгээр мэргэшсэн өмгөөлөгчид болон Монголын Шүүгчдийн Холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Шүүхийн академийн төлөөлөл нийт 40 гаруй хүн оролцов.

Уулзалтыг нээж Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Цогт, Монголын Шүүгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, шүүгч Э.Амин-Эрдэнэ, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Нийслэлийн зөвлөлийн дарга, өмгөөлөгч Б.Солонго нар тус тус үг хэлэв.

B&B Vol.1

Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Цогт шүүгч, өмгөөлөгч нь тус тусын чиг үүргийн дагуу аливаа хэрэг маргааны зөв шийдэлд хүрэх нэг зорилготой тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дундын асуудлаа хэлэлцэх шаардлага үүсдэг болохыг онцлоод ийнхүү мэргэжлийн, чөлөөт байдлаар хэлэлцэх боломж нь хараат бус судалгааны байгууллага, Шүүгчдийн Холбоо, Өмгөөлөгчдийн Холбоо хамтран зохион байгуулж буй Bench&Bar уулзалтын загвар юм гэв. Цаашлаад тэрээр Улсын дээд шүүхийн 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан эрдэм шинжилгээний хурлын үндсэн илтгэлийн нэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь мэтгэлцэх зарчим, талуудын тэгш байх зарчмын асуудал байсан бөгөөд энэ удаагийн Bench&Bar хэлэлцүүлгийн сэдэв ч мөн мэтгэлцэх зарчмын асуудлыг хөндөж байна гээд хэлэлцүүлгийн саналыг Улсын дээд шүүх өөрийн бодлоготой зэрэгцүүлэн авч явах зорилготой байна гэв.

B&B Vol.1

Шүүгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, шүүгч Э.Амин-Эрдэнэ Bench&Bar уулзалтыг тогтмол хийх нь ач холбогдолтой тул Монголын Шүүгчдийн Холбоо үйл ажиллагааны төлөвлөгөөндөө тусгасан талаараа дурдаад хараат бус шүүх, мэргэжлийн өмгөөлөл, харилцан хүндэтгэлтэй харилцаа гэсэн гурван зүйлийн огтлолцолд байх мэтгэлцэх зарчмын талаар харилцан нээлттэй санаа бодлоо хуваалцан оролцохыг оролцогчдоос хүсэв.

B&B Vol.1

Өмгөөлөгчдийн Холбооны Нийслэлийн зөвлөлийн дарга Б.Солонго шүүх хуралдааны танхим дахь мэтгэлцэх зарчмын хэрэгжилтийн асуудал нь өмгөөлөгчдийн хувьд маш чухал бөгөөд цаашлаад үйлчлүүлэгч, өмгөөлөгчийн итгэлцэл, харилцаанд нөлөөлөх хүчин зүйл болдог хэмээгээд цаашид шүүгч, өмгөөлөгчдийн харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх Bench&Bar уулзалт энэ мэт чухал сэдвүүдээр зохион байгуулагдах болно гэв.

Уулзалтын эхэнд оролцогчид товч санал асуулгад оролцсон бөгөөд шүүх хуралдааны танхим дахь мэтгэлцэх зарчмын хэрэгжилтийг 5 онооноос 2.35 оноогоор үнэлэв. (Энэхүү үнэлгээ нь зөвхөн уг уулзалтын хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэх зорилгоор уулзалтад оролцсон цөөн тооны оролцогчдын дунд явуулсан санал асуулгын үнэлгээ бөгөөд албан ёсны, цаашид эш татагдах шинжтэй үнэлгээ дүгнэлт биш болно.) Оролцсон шүүгчдийн хувьд мэтгэлцэх зарчим бодитойгоор хэрэгжихэд сөргөөр нөлөөлдөг гол 3 хүчин зүйлийг (1) өмгөөлөгчдийн бэлтгэл, мэргэжлийн ур чадвар, (2) шүүхийн ачаалал, зохион байгуулалт, (3) хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль тогтоомжийн зохицуулалт нь гэж үзсэн бол өмгөөлөгчдийн хувьд (1) шүүгчдийн шүүх хуралдааныг удирдах арга барил, (2) өмгөөлөгчийн бэлтгэл, мэргэжлийн ур чадвар, (3) шүүхийн ачаалал, зохион байгуулалт гэж үзэв.

Санал асуулгын дараагаар шүүгч, өмгөөлөгчдөөс бүрдсэн бүлгийн хэлэлцүүлгийг өрнүүлж, төгсгөлд нь шүүгч, өмгөөлөгчид тус тусын мэргэжлийн бүлгээр хэлэлцэн шүүх хуралдааны танхимд мэтгэлцэх зарчмыг бодитойгоор хэрэгжүүлэхтэй холбоотой тус тусын уриалга, саналыг боловсруулан шүүгч нарыг төлөөлөн Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн, өмгөөлөгчдийг төлөөлөн Нийслэлийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга, өмгөөлөгч Б.Солонго нар танилцуулав.

Хэлэлцүүлгийн явцтай доорх бичлэгээс бүрэн танилцах боломжтой.

Bench&Bar Vol.1 уулзалтаас гарсан уриалга, саналыг Монголын Шүүгчдийн Холбоо, Монголын Өмгөөлөгчдийн Холбооноос бичгээр гарган нийтэд нээлттэй байршуулна.

Бид дараагийн мэдээгээр Монголын Шүүгчдийн Холбоо, Монголын Өмгөөлөгчдийн Холбооноос гарсан уриалга, саналыг нийтлэх болно.